Булган аймгийн Засаг даргын “Шинэ хөгжлийн зам” үйл ажиллагааны хөтөлбөрт туссан хүүхэд багачуудын хүсэл сонирхлыг дэмжин үндэсний өв соёлыг таниулах, урлаг гоо зүйн мэдрэмжийг хөгжүүлэх, урлагаар дамжуулан хүүхэд бүрийн дотоод ертөнц дэх ур чадварыг нээн илрүүлэх зорилгоор зохион байгуулагдсан “Булган хангайн хүүхдүүд” урлагийн их наадмын нээлтийг Соёл Урлагийн газар, Соёлын ордон, Хөгжимт жүжгийн театр хамтран “Цогт Хунтайжийн талбайд” 05 сарын 18-ны өдөр зохион байгууллаа. Нээлтэнд Төрийн соёрхолт Ц.Чинзоригийн хөгжим “Хорвоод ганцхан ээждээ” дууг Булган аймгийн Эрдмийн өргөө цогцолбор сургууль, Хутаг-Өндөр сумын ЕБС-ийн хөгжмийн дугуйлангийн 24 сурагч ятга, морин хуур, ёочин, лимбэ хөгжмөөр хөгжимдөж, “Булган хангайн дууг” аймгийн төвийн 3-н сургуулийн 2-5р ангийн 6 сурагч дуулж, Хялганат тосгоны Хараацай чуулга Ч.Даваахүүгийн дэглэлт “Салхит шувуу” бүжгийг бүжиглэж, урлагийн наадамд оролцож буй 600 гаруй сурагч “Хатариш” бүжгийг бүжлээ.
Тус наадамд 15 сум 1 тосгоноос 4 насны ангилал 12 төрөлд давхардсан тоогоор 1211 хүүхэд авьяас чадвараа сорьж өрсөлдлөө. Энэ удаагийн Хүүхдийн урлагийн наадмыг Мэргэжлийн урлагийн сургуулиас шүүгчид ирж шүүсэн нь онцлог үйл ажиллагаа болсон юм. Урлагийн наадмын шүүгчээр Булган аймгийн Сэлэнгэ сумын уугуул Монгол Улсын Консерваторийн дуулаачийн тэнхимийн багш, Монгол Улсын Ардын жүжигчин Б.Жавзандулам, Монгол Улсын Консерваторийн дуулаачийн тэнхимийн эрхлэгч Доктор профессор Чинзориг, СУИС-ийн Хөгжмийн Урлагийн сургуулийн Үндэсний хөгжмийн тэнхимийн ахлах багш Бадарч, СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн Найруулах урлагийн тэнхимийн багш Чинзориг нар ажиллаж тус өдрүүдэд Соёл Урлагийн Их сургууль, Монгол Улсын Консерваторийн элсэлтийг давхар зохион байгууллаа.