#СОЁЛЫН_СЭРГЭЛТ_2023 🇲🇳 #УЛСЫН_ТЭРГҮҮНИЙ_ХУТАГ-ӨНДӨР СУМ
2023-10-11
“Соёлын сэргэлт 2023” аяныг Булган аймгийн Хутаг-Өндөр суманд зохион байгууллаа. Тус сум нь Ардын Хатанбаатар Магсаржавын өлгий нутаг бөгөөд Гуртын өвөр Цагаанбургастын голын адаг Цүлхүү тохойд Бизъяа тайжийн 8 ханатай гэрийг худалдан авч байрлуулснаар анх байгуулагдсан түүхтэй. Хутаг-Өндөр сумын нутагт эртний Уйгурын хаант улсын үетэй холбогдох Бий булагийн туурь, Төлбөрийн голын чулуун чулуун зэвсгийн суурин зэрэг түүх соёлын дурсгалууд олон байдаг.
✅УУЛЗАЛТ
Соёлын сэргэлт-2023″ арга хэмжээний хүрээнд ажлын хэсгийн бүрэлдэхүүн сумын Засаг дарга П.Лхагва-Очиртой уулзаж, аяны үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, Соёлын төвийн орчин нөхцөлийг сайжруулах, хүүхдийн авьяас билиг, ур чадварыг хөгжүүлэхэд анхаарал хандуулан соёлын салбараа дэмжин ажиллаж байгаад талархал илэрхийллээ. Дашрамд дурьдахад Соёлын төвийн дэргэдэх МУСТА бүжгийн багш Б.Бямбацэцэгээр удирдуулсан “Язгуур-2” хамтлаг БНСУ-ын Чанг Вон хотод зохион байгуулагдах МАMF Олон улсын соёлын фестивальд оролцохоор бэлтгэлээ хангаж байгаа билээ.
✅НЭЭЛТ
“Соёлын сэргэлт-2023” аяныг Хутаг-Өндөр сумын Засаг даргын орлогч Б.Баттулга, Соёл урлагийн газрын Соёл урлагийн хэлтсийн дарга Д.Баасанжав, Хүүхдийн төв номын сангийн Уншлага, үйлчилгээний хэлтсийн эрхлэгч М.Чимэдлхам нар нээн үг хэллээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Соёлын ордны уран бүтээлч МУСТА Д.Очирхуяг, Н.Мөнхзаяа нар болон Хутаг-Өндөр сумын ЕБС-ийн сурагч Г.Номин, Б.Чинболор, Н.Тэмүүлэн нар ая дуугаа өргөж Соёлын төвийн дэргэдэх “Язгуур-2”, “Язгуур-3”, “Язгуур-4”, “Язгуур-5” хамтлагийн 40 гаруй хүүхэд хамтран бий биелсэн нь онцлог байлаа.
✅ ШАГНАЛ
Монгол Улсын тэргүүний “Ардын авьяастан” цол тэмдгээр Хутаг-Өндөр сумын 2-р багийн иргэн Ч.Ганбаатар, Тэргүүний уншигч Д.Нацагдорж” тэмдгээр ном эрдэмд шамдан найз нөхөд хамт олноо манлайлсан Хутаг-Өндөр сумын ЕБС-ийн 5в ангийн сурагч А.Номин, 6а ангийн сурагч Г.Цэлмэг, 10а ангийн сурагч Т. Номинзаяа нар шагнууллаа.
✅СУРГАЛТ
Хүүхдийн төв номын сангийн “Герман” танхимын номын санч Г.Буянцэцэг “Ном уншихын ач тус”, “Мөрөөдөл” танхимын номын санч Ч.Амгаланбаяр “Мөрөөдөлдөө хэрхэн хүрэх вэ” сэдэвт сургалтуудыг зохион байгуулж хүүхдүүдийн ирээдүйн хүсэл мөрөөдлийн талаар ярилцан, зорилгодоо хүрэхийн тулд хэрхэн ажиллаж хичээх ёстойг ойлгууллаа.
✅МЭРГЭЖИЛ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ
Соёл урлагийн газар, Хүүхдийн төв номын сангаас соёлын ажилтнуудад чадавхжуулах сургалт, мэргэжил арга зүйн зөвлөгөө, зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэн ажиллалаа.
✅УРАЛДААН ТЭМЦЭЭН
Үндэсний үнэт зүйл, оршихуйн үндэс болсон өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн уламжлуулах хүрээнд “Өв соёл” тэмцээнийг ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулж ЕБС-ийн 11а ангийн “Нэг ангийнхан” баг тэргүүн байр,
“Жаргалтай дугуйлан” баг дэд байрт тус тус шалгарсан бол “Яруу найргийн тэмцээнд Т.Номинзаяа тэргүүлж, Б.Мөнхсаран, Т.Билгүүн нар дэд, гутгаар байрт шалгарлаа.
✅ СОЁЛЫН ХӨТӨЛБӨР
Гацуурхан цэцэрлэгийн багачууд “Ховдог бамбарууш” хормогчтой үлгэр сонсож,
зүйр цэцэн үгийн болон түргэн хэллэгийн тэмцээн, гар зургийн уралдаанд идэвхтэй оролцлоо.
Түүнчлэн “Бурхан халдун уул” виртуал аялал, Булган аймгийн “Түүхэн дурсгалт газрууд” VR үзэсгэлэн, “Зөөврийн номын сан”, “Бяцхан геологич”, “Монгол наадгай”, “Чулуун урлан” ажиллаж хүүхдүүдийг хөгжөөлөө. Мөн өвлөн уламжлагч Хутаг-Өндөр сумын ЕБС-ийн багш Д.Мөнхчимэг “Бийрэн бичлэг”, технологийн багш М.Хашхүү “Модон эдлэл-сийлбэр” үзэсгэлэнгээ дэлгэж, нутгийн олонд толилууллаа. Багш Д.Мөнхчимэг, Ж.Амарсанаа нар хамтран нутгийн буриад зоны амьдрал ахуйг судлан ном бичсэн тэрээр уг бүтээлээ сурагчдын хамт хуйлмал хэлбэрээр босоо монгол бичгээр буулгасан нь Монголын хамгийн урт ном болжээ.
# Сэдвүүд
Сүүлийн мэдээ
Шинэ мэдээ