“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ-Д БУЛГАН АЙМГИЙН ТӨЛӨӨЛӨЛ АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
2023-08-28
     “НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ-Д БУЛГАН АЙМГИЙН ТӨЛӨӨЛӨЛ АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалт болон ЮНЕСКО-ийн яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн Монголчууд бидний оршихуй болсон үнэт соёлын биет бус өвүүдээ өвлөн уламжлуулан, сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой “НҮҮДЭЛЧИН” дэлхийн соёлын фестиваль гурван өдрийн турш түүх соёл, ёс уламжлалаа олон улсад гайхуулан амжилттай болж өндөрлөлөө.
“Тайж хайрхан”-ы бэлд нүүдэллэн ирсэн 21 аймаг, нийслэлийн өвлөн уламжлагчид тус тусын “Отог”-оо байрлуулж, аяны богцоо задлан, язгуур урлагийн гайхамшигтай тоглолтоо хуран цугларсан олонд дэлгэн сонирхуулсан, олон улсын байгууллагын төлөөлөгчид нүүдлийн соёл иргэншлийн үнэт зүйлсийг хамгаалах хамтын ажиллагааны талаар зөвлөлдсөн Монгол бахархлын өдрүүд байлаа.
        Тус фестивальд аймаг, нийслэлийн 1000 гаруй өвлөн уламжлагч болон нүүдлийн соёл иргэншил бүхий гадаад улс орны төлөөлөл болох БНХАУ-ын ӨМӨЗО, Бүгд Найрамдах Унгар Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Киргизстан Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Саха Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улс, Бүгд Найрамдах Турк Улс, ЮНЕСКО болон олон улсын байгууллагын өвлөн уламжлагч, зочид төлөөлөгчид хуран чуулсан юм.
       Нүүдэлчин дэлхийн соёлын фестиваль нь Монгол улсын хэмжээнд бүртгэгдээд байгаа 7 ай савын 362 өвийн хүрээнд зохион байгуулагддаг бөгөөд Булган аймгийн төлөөлөл 3 дахь удаагаа оролцож эх хэл аман уламжлал, ардын язгуур урлаг, байгалийн болон сав шим ертөнцийн тухай мэдлэг, уламжлалт арга ухаан, уламжлалт гар урлал зэрэг 5 ай савд багтах 19 өвийн төрлийг түгээн дэлгэрүүлж , орон нутгийн онцлог айраг, адууны өв соёлтой холбогдох зан үйл, соёл уламжлалаа сурталчлан таниуллаа.
     “НҮҮДЭЛЧИН” дэлхийн соёлын фестивальд оролцоход дэмжлэг үзүүлсэн Монгол Улсын Соёлын яам, Булган аймгийн Засаг даргын тамгын газар, Аймгийн Төв номын сан, Музей, 16 сум 1 тосгоны Соёлын төвийн нийт хамт олон,  өөрийн хүч хөдөлмөр, ур ухаан, авьяас билгээрээ сэтгэл нэгдэн оролцсон Хөгжимт жүжгийн театрын хамт олон, Баян-Агт, Булган, Сайхан, Могод, Сэлэнгэ, Баяннуур, Орхон сумын өвлөн уламжлагчид, соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчдэдээ  чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Хүндэтгэсэн: Булган аймгийн Соёл урлагийн газар
Хайрлан хамгаалах түүх, уламжлал, соёлын өв ихтэй ард түмэн билээ бид.

 

# Сэдвүүд
Сүүлийн мэдээ
Шинэ мэдээ