УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ ДУУЛАЛТ ЖҮЖИГ ТОГЛОНО
2022-07-10

    

    

      “УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ” дуулалт жүжгийг Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрын хамт олон шинэчилсэн хувилбараар 2022 оны 7-р сарын 10-ны өдөр 18:00 цагаас Хөгжимт жүжгийн театрын тайзнаа тоглож наадамчин олондоо бэлэг барих гэж байна.

      “Халхын сайхан Юндэн гөөгөө” нэрийг сонсоогүй, дууг нь аялаагүй Монгол хүн үгүй биз ээ. Эр хүний үзэмж төгс бүрдсэн тэр сайхан эр өөрийн адил харц гаралтай боловч үзэсгэлэн гоо, сайхан бүсгүй Сийриймаатай хайр сэтгэлээр холбогдсон ч ханилан суух зам даанч бэрх, Бал гүн нарын зүгээс ирэх саад тотгор дүүрэн байсаар эцэст нь хоёул амиа алдан төгсдөг эмгэнэлт нэгэн домгоос “Учиртай гурван толгой” жүжгийн санааг авсан гэдэг. 1934 онд “Бөмбөгөр ногоон” театрын залуу найруулагч Д.Намдаг театртаа тавих шинэ жүжиг бичүүлэхээр зохиолч анд Д.Нацагдоржийнд зочлон учир байдлаа тоочиход, дээрх домгийн санааг хэлэн, хоёр цагийн дотор жүжгийн гол үйл явдлуудыг ярилцаж, сийрүүлэн буулгаж байжээ.

     Анхны тэр дуулалт жүжигт олон ардын дууг эмхэтгэн найруулж, зарим үгийг засварлан, зарим хуучны дуунд шинээр үг орлуулан бичих зэргээр тохируулж оруулсан ч жүжгийн утга санаа нэгэн цул, хоорондоо нягт уялдаатай, эхлэхээс дуусах хүртэл дүр болоод үйл явдал хоорондын нарийн холбоо алдалгүй явсаар төгсдөг. Их зохиолчийн өрнийн соёлоос “өвөрлөн” ирсэн сонгодог уран зохиолын эрдэм нь энд гарсан хэрэг биз ээ.

    Арваад жил өмнө дурдсан домгийн нэгэн адил эмгэнэлт төгсгөлтэй тавигдсан дуулалт жүжгийг Улсын Төв Театр 1943 онд шинэчлэн тавих шийдвэр гаргаж, Цэндийн Дамдинсүрэн цомнолыг шинэчлэн, Билэгийн Дамдинсүрэн аялгуу, хөгжмийг шинэчлэх ажилд оройлон оролцсон байдаг. Энэ шинэчлэлээр хувь хүмүүсийн хайр сэтгэлийн харилцааг анги давхаргын зөрчил, тэмцэл болгон нийтийн асуудал болгож тодотгосон, мөн гашуудалт төгсгөлийг эсрэгээр өөрчлөн, Юндэн, Нансалмаа нар харц ардын хамт ялан дийлж, найрлан төгсдөг болгосноор агуулга, сэдвийн хувьд өргөжсөн байна.

 

     


# Сэдвүүд
Сүүлийн мэдээ